ФОТО: Дэлхийн БАЛЕТ Монголын тайзнаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 14


Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг "Монголын балетын хөгжил" сангаас зохион байгуулж буй Монголын Олон Улсын балетын II уралдаан энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. 

Зургаадугаар сарын 13-15-нд үргэлжлэх уралдаанд 200 гаруй бүжигчин оролцож байгаа бол 10 орны 20 гаруй мэргэжилтэн шүүгчээр ажиллаж байгаа юм.  Уралдааныг Монголын балетын урлагийг үндэслэгч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Жамъяандагвын дурсгалд зориулж байгаа билээ. 

Оролцогчид таван насны ангилалд сонгодог, орчин үеийн бүжгийн гоцлол болон багийн төрлүүдээр өрсөлдөж байна. 

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллежиос Александр Базаров, Чингис Монгуш нар "Өсвөр 2" ангилалд, Тамир Цыбиков, Екатерина Мирлусова нар "Өсвөр 1" ангилалд өрсөлдөж байгаа бол ОХУ-ын "Улаан Үд хотын Театр", БНСУ-ын "JIN ART CENTER", Өмнөд Африкийн "Mzansi Ballet School" болон "Twirlz Dance Academy", Куба улсын “Escuela Nacional de Ballet Fernando Alonso” сургууль, БНСУ-ын “Korea Youth Ballet Stars” академийн бүжигчин болон оюутнууд мөн оролцож байна. 

Монголоос Дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Монголын балетын үндэсний сургууль, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Монголын их эзэн хааны театр, “Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль, ”Классик" балет, төгөлдөр хуурын сургууль, “Аврора балет”, “UB балет”-ийн уран бүтээлчид оролцох бол орон нутгаас Дархан-уул аймгийн “Гладнесс" сургалтын төв", Дорнод аймгаас “Дорнын бүжиг" клубын бүжигчид эх орондоо болж буй балетын олон улсын уралдаанд өрсөлдөж байна.

Уралдаан Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа хоёр дахь өдрөө болж байгаа ба уралдааны дараа шилдэг үзүүлбэрийн гала тоглолтыг олон нийтэд толилуулах ажээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top