Авлигын хэргээр яллагдсан Н.Чимэдлхам нарын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох авлигын хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд ял оноосон.

Улмаар шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байдаг.

Харин өнөөдөр /2022.06.02/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээрх хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэв.

Улмаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.  

Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Анхан шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам нарын нэр бүхий 26 шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 28-нд хүлээн авч хянаад, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр гэм буруутайд тооцож, Н.Чимэдлхамд нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байдаг. Мөн  

-Б.Болорчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял,

-Ү.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял,

-Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар тус бүр гэм буруутайд тооцож, Д.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,

-Н.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,

-Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.500.000 төгрөгөөр торгох ял,

-Б.Цацралт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,

-М.Золтуяа, Б.Ганзориг нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ял,

-О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,

-Г.Насандэлгэрт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ял,

-Т.Ариунаа, -Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,

-Ж.Нэргүйд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Түүнчлэн М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлж, Нийслэлийн прокурорын газраас Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, Н.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top