Дэлхий Кобиг алдсан өдөр буюу ТҮҮНИЙ АЛДАРТ ЭШЛЭЛҮҮД

2023 оны 01 сарын 27


Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг, NBA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн супер од, "Лос-Анжелес Лэйкерс" багийн домогт тоглогч Коби Брайант гурван жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан билээ.

Дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгчдийн эгнээнд зүй ёсоор бичигдэх түүний амжилтыг тоочиход зай талбай багадах буй за.

Олимпын хошой аварга, NBA лигийн таван удаагийн аварга (2000, 2001, 2002, 2009, 2010), 2008 оны “Шилдэг тоглогч”, NBA-гийн финалын цувралын “Шилдэг тоглогч (2009 - 2010), “Бүх оддын тоглолт”-д 18 удаа оролцож, дөрвөн удаа шилдэг тоглогч болсон гээд сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхэм билээ.

Түүний амжилтад хүрсэн дүрмийг сая сая шүтэн бишрэгчдэд нь эргэн сануулж байна.
 


Намайг бүхнийг давж чадсан, ялагч гэж дурсаж байгаасай гэж хүсэж байна.

Эргэн тойрны бүх залуус даам тоглох дуртай. Харин би шатар тоглох гэж ирсэн.

Ес алдаад дахин шидэхээ больсноос 30 дараалан алдаж шидсэн нь дээр.

Амьдрал гэдэг хэт богинохон, хэн нэгэнд гомдоод сууж байх цаг байхгүй.

Ихэнх тоглогч шийдвэрлэх үед алдахаас айдаг. Харин би чухал шидэлт шидэхээс айдаггүй. Урьд өмнөх бүх алдаагаа мартсан байдаг.

Сагсан бөмбөгт урт шорт өмсдөг болсон нь харамсалтай. Бурхан надад маш сайхан хөл хайрласан. Хүмүүс хөлийг минь хармаар байгаа.
 


Бага байхдаа би юунаас ч айдаггүй байлаа. Харанхуй өрөө, өндөр газар, зуудаг нохойноос би айж байгаагүй. Өөртөө дэндүү итгэлтэй байсан тул бүхнийг сөрж явдаг байлаа. Намайг зогсоодог ганц зүйл бол эмээ. Эмээ хуучин шаахайгаа бариад гараад ирэх үед хамаг чадлаараа зугтдаг байсан.

Надад нэгэн нууц зэвсэг бий. Би тоглолтын өмнө усанд орж, одеколон түрхдэг. Ингэдэг сагсчин бараг байхгүй.

Тоглож эхлэхдээ би сагсан бөмбөгөөс өөр юм боддоггүй байлаа. Цагариганд бөмбөг шидэж байгаа хөвгүүний толгойд “Сагсан бөмбөгийн ачаар дэлхий тойрч үзнэ, Азид шампуны рекламанд тоглохсон” гэсэн бодол орж ирэхгүй шүү дээ.

Би сагсан бөмбөгт хэтэрхий их хайртай. Бөмбөг бол миний биеийн нэг хэсэг. Би хоёр настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн.
 


Аав минь Италид тоглож байх үеэс би хөлбөмбөгийн “Милан” багийг шүтдэг болсон. Матерацци надад “Интер”-ийн өмсгөл бэлэглэж, урвуулах гэж оролдсон ч би багтаа үнэнч үлдсэн.

Плей-офф эхлэх гэж байхад бүгд л "Коби аль эрт 31 нас хүрсэн” гэж ярьж байлаа. Харин одоо харахад би аль эрт биш дөнгөж 31 настай гэдэг нь харагдаж байгаа биз.

Нэг хэсэг би торгуулийн шидэлт оруулж чадахаа больсон байлаа. Шугамны өмнө шидэх гээд зогсож байхад Шанхай хотын төвд орчуулагчгүй хаягдсан мэт мэдрэмж төрж байсан.

Хэнтэй ч тоглосон надад ялгаа байхгүй. Харь гарагийнхантай ч үзэлцэхэд бэлэн байна.

Барак Обама солгой гартай, холоос гайгүй шиддэг. Ер нь Ерөнхийлөгч хүний хувьд сайн тоглодог гэж хэлж болно. Гэхдээ хэн ч түүн дээр алдаа гаргах гэж зориглодоггүй болохоор тэр торгуулийн шидэлт огт шиддэггүй. Энэ бол түүний тоглолтын хамгийн том сул тал.
 


Би бүх хүнээр дэмжүүлэхийн тулд сагсан бөмбөг тоглодоггүй. Ялахын тулд тоглодог.

“Лейкерс”-тэй гэрээ байгуулахад аав, ээж хоёр минь гарын үсэг зурсан. Харин би тэнэг юм шиг инээмсэглээд л сууж байлаа.

Ялахын төлөө би юу ч хийхэд бэлэн. Сэлгээнд сууж, алчуур даллан, ус тарааж, шийдвэрлэх гоол оруулахад бэлэн.

Дуртай зүйлээ хийж байгаа болохоор би аз жаргалтай байдаг. Нэг удаа би унтлагын цагаа багасгаж, бэлтгэл хийх гэтэл багш нар болиулсан.

Жордантай юугаараа адилхан бэ гэж үү? Тэр халзан, харин би гоё үстэй. Тэр хөгшин, би залуу. Намайг Коби чигээр минь үлдээ л дээ.

Рекорд тогтоох нь нэр төрийн хэрэг. Гэхдээ би талбай дээр жинхэнэ тамирчдын эсрэг тоглож байгаа болохоор эртний ямар нэг одыг оноогоор даван гарсан нь надад огт хамаа байхгүй.

Тоглолтын үеэр би бүх сумаа буудаж дуусгадаг. Өөр арга байхгүй. Харин дараа нь хэд оносон бэ гэдгээ тоолж болно.
 


Аав, ээж минь миний хамгийн үнэнч фэн. 40 оноо авсан ч, ялагдсан ч тэд надтай үргэлж хамт.

Тоглолтын үеэр заримдаа надад Play Stаtion тоглож байгаа мэт санагддаг. Өрсөлдөгчдийн стикер эвдэрч, хэдэн товч нь унасан мэт.

“Мэдисон Сквер Гарден”-д тоглох дуртай. Энэ цэнгэлдэх надад гладиаторууд тулалддаг байсан Колизей шиг санагддаг.

Хуучны тоглогчдоос хэнтэй хамт тоглохыг хүсдэг вэ гэж асуувал би Мэжик Жонсон, Билл Расселийг сонгоно.

Багадаа би хөлбөмбөгч болохыг хүсдэг байлаа. Нэг өдөр өөрийгөө Ван Бастен гэж төсөөлөөд, дараа нь Марадона, Бажо болдог байсан. Би Италид төрсөн болохоор хөлбөмбөг их үздэг байсан. Гэхдээ надад техникт илүү анхаардаг Англи, Испанийн хөлбөмбөг илүү таалагддаг.


Олимпын алдарт тамирчдын дунд ороод би өөрийгөө Хогвартст ирсэн Харри  Поттер шиг л санаж байв.

Олимпын алтан медалиа би Бээжингээс Чикаго ортол хүзүүнээсээ салгаагүй. Олимпын аварга болно гэдэг НБА-д түрүүлэхээс илүү чухал.

Би хэд хэдэн гадаад хэл мэднэ. Шүүгчдээс уур хилэнгээ нуухад тус болдог юм. Ялангуяа францаар бүх үг сонсголонтой сайхан. Шүүгч нар дээр очоод “Тэнэг новшнууд аа, та нар яаж байна” гээд францаар хэлэхэд тэд ойлгохгүй, инээж байдаг.

Халз үзэлцэх юм бол би Леброныг хуурч чадна. ЛеБрон бол сайн дамжуулалт өгдөг, олон талтай тоглогч. Харин би хувийн ур чадвараар өрсөлдөгчдөө хууран гардаг.

Хэзээ ч дасгалжуулагч болохгүй. Маш их стресстэй ажил. Харин би хүүхдүүдтэй ажиллаж, мастер-класс хийх дуртай.

Шүүмжлэл, дарамт болгон миний хувьд улам дээшлэх боломж болж өгдөг.

Багад минь намайг хэт хайрлаж, эрхлүүлсэн. Одоо би үүнийхээ төлөөсийг төлж байгаа.

Би хэзээ ч өөрийгөө өрчлөхгүй. Арслан анд гарах ёстой. Надтай хамт гүй, эсвэл надаас хол гүй.
 


Баатрууд ирээд, явдаг. Харин домгууд үүрд мөнх.

Би агуу тоглогчдын эсрэг тоглодог. Өрсөлдөөн бол миний үргэлж хүсдэг зүйл.

Намайг хэт олон шиддэг гэж байна уу? Зарим хүмүүс Моцартын бүтээлд хэт олон ноот байна гэж боддог байсан гэдэг. Харин тэдэнд Моцарт “Хэт олон биш, хэт цөөхөн ч биш. Яг хэрэгтэй хэмжээий ноот байгаа” гэж хариулсан байдаг. Би ч мөн адил.

Хэрэв чи өөртөө итгэхгүй бол өөр хэн чамд итгэх вэ?

Түүхийг бүтээмээр байвал түүхэн үйлс бүтээх хэрэгтэй.
 


Алдахаас айж байвал алдах чинь тодорхой.

Хэдэн цаг бэлтгэл хийсэн чинь чухал биш. Харин хэдэн цагийн бэлтгэлд нь ухаанаа зарцуулсан чинь гол.

Үзэн ядалтаас таашаал авч сур. Хүмүүс сайн хүнийг үзэн яддаггүй. Тэд агуу хүмүүсийг үзэн яддаг юм.

Бууж өгч байгаа тэр агшиндаа чи хэн нэгэнд ялалт бэлэглэж байгаагаа санаарай.

Сагсан бөмбөгт би өөрийнхөө хоргодох газар, сүм хийдийг олсон. Энд л би сагс тоглож байгаа бяцхан хүүхэд болж чаддаг.

Би дусал залгуулаад тоглож байлаа. Хугархай гар, мултарсан мөр, сэтэрсэн уруултай ч тоглож байсан. Би хэзээ ч хуруу гэмтлээ гээд 15 тоглолт өнжиж байгаагүй.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top