Монголын Их хаадын нэг Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн өдрийг энэ сарын 15-23-нд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл энэхүү түүхэн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлтийг өнөөдөр НЗДТГ-т зохион байгууллаа.
Арга хэмжээнд хотын дарга Э.Бат-Үүл, Тайванийн “Хааны ордон” музейн захирал Сюй Сяодо, хоёр орны эрдэмтэн судлаачид зэрэг олон хүндтэй зочид оролцсон юм.
Номын нээлтийн үеэр Тайванийн “Хааны ордон” музейн захирал Сюй Сяодо “Номын тайлбарыг дөрвөн хэл дээр буюу уйгаржин монгол бичиг, шинэ крилл үсэг, англи, хятад хэл дээр гаргая гэж хоёр тал тохиролцсон юм. Хэвлэлийг нь манай "Хааны ордон" музей хариуцаж байгаа. Цаашид Монгол, Тайвань орон соёл урлаг, боловсрол гээд олон зүйл дээр хамтран ажиллана гэж найдаж байна” гэсэн юм.
“Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номыг бүтээхэд Монгол талаас МУСГЗ, хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар оролцжээ. Тус ном нь 300 шахам хуудастай, дотроо үндсэн дөрвөн том бүлэгтэй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )