Архичны авирт хүртэл нас багадахаа байсан цаг юм байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 22

Өнгөрсөн ням гарагийн орой салхилангаа гэрээдээ алхаж  явав.   Бага тойруу орчмоор үймээн бужигнаан их,  оюутнууд бололтой охид хөвгүүд орлилдож чарлалдаад  дажин болж байгаа янзтай. Хэсэг хөвгүүд хоорондоо  гарынхаа чилээг гаргаж  байна.  Аяга пивоныхаа  ард аятайхан гарчихаж  чадахгүй тэднийг харахаар нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг.  Сайндаа л их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийнхэн бололтой. Ийм насныхныг ахмадууд амных нь салиа арилаагүй хэмээн тодотгодог билээ. Энэ насанд архи гудрах нь байтугай үнэрийг нь ч авч чаддаггүй үе сэн. Согтуу хүмүүс ямар ааш авир гаргадаг билээ, тэр бүхнийг тэд  томчуудаасаа ер дутахааргүй  үзүүлж, уусан архиных нь халуунд Улаанбаатар ч  давчдаж байгаа янзтай. Архичны авирт хүртэл нас багадахаа байсан цаг юм байна. Ер нь оюутнууд цуглараад ирэхээр  баарныхан башийж, олз орлогынх нь үүд цэлийтэл нээгддэг юм гэнэ лээ.

 Хэдэн жилийн өмнө ажлын газраас маань арваадхан алхмын зайд  кароаке байдаг байлаа.  Их оройтлоо гэхэд л өглөө 11 цагаас эхлээд энд согтуу залуучууд солгой хоолойгоор орилж эхэлнэ. Тэгээд нэг өглөөгүүр “Оюутан нас минь насны бахархал”  хэмээн түмэн өнгийн хоолойгоор орлилдохыг сонсоод  хэрэг болгож орж харлаа. Үнэхээр л оюутнууд байна аа. Шилтэй цэнхэрийг өмнөө цэлэлзүүлчихсэн, утаан хөшиг  дунд улаа бутран сууцгааж байж билээ. Энэ ч арай бахархал биш юм аа. Бидний үеийн оюутнууд энэ дууг өмнийн их говь, өргөн Сэлэнгийн хөвөө, номин талын тэртээ, ногоон Зил-ний тэвшин дээр дуулж байсан сан. Харин эдүгээ цагийн эрх оюутнууд бааранд бахирч байна. Унааныхаа мөнгийг улсаас даалгана. Аав ээжийнхээ арван хуруугаа самардан байж цуглуулсан  хэдэн төгрөгийг галт ус болгон хоолой давуулж, үүнийхээ ид шидээр хийлсэн арслангийн дүрд хувилан  архирч байцгаана.

Манай улс жилд нэг хүнд ногдож байгаа 23 литр архины хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг гэх юм билээ. Олон улсын жишгээр бол нэг хүнд жилд 8 литрээс дээш архи согтууруулах ундаа ногдвол энэ аюулын харанга дэлдэж байгаа нь тэр гэсэн. Гэтэл бид байж болох дээд хязгаарыг хэдийнэ хэд дахин илүү давчихаад байгаа гэсэн үг. Үүний нэлээдгүй хэсгийг нь оюутнууд хэлтэлдэг гэж үнэн. Зун болж, оюутнууд тарахаар баар сав эзгүйрч орлого навс унадаг гэлцэх юм билээ.

Архичдын залуу үе, залгамж халаа ямар хурдтай, ямар эрчимтэй бэлтгэгдэж байна вэ. Хэдхэн жилийн өмнө дунд сургуулийн 13 настай хүү архинд хордож хорвоогоос буцсан гашуун үнэн бий. Арай чдээ гэмээр. Өсвөр үеийнхэн маань хүртэл архи хэмээх  идээний ид шидэнд  дөрлүүлэх тун ойрхон байна даа гэсэн гашуун бодол хоолой хорсгож байна.

Томоогүй гэнэн, хүүхдийнхээрээ нүд архины халуунд сүүмэлзэж, уур хилэнгийн дөл хурган байхыг  харсан хэнд ч харуусал төрмөөр.     

Улаанбаатарын гудамж архичдын бүхэл бүтэн армитай. Үхэж үрэгдэж л байдаг. Өвлийн улиралд бол хоногт  л тав арваараа хорвоогоос буцдаг ч тэдний тоо буурч байсангүй. Манжийн хааны төмөр сүрэг гэдэг шиг  тоо толгой нь цөөрдөггүй энэ архичдын армийнхан харин ч залуужсаар байгаа нь анзаарагддаг. Тэдний залгамж халаа нь иймэрхүү янзаар бэлтгэгдэж байна.

Оюутан ахуйн жилүүд одоо бодоход ийм их цаг завтай байсан бил үү. Хичээл, номын сан, курсийн ажил гээд л сэхээ сэвгүй амьтад гүйлдэж байсан шиг санагдах юм. Бидний үеийн оюутнууд цалин тэтгэлэгтэй байлаа. Тэглээ гээд өдөр өнжихгүй архидаж байсан нь үгүй. Стипенд буусан өдөр Улаанбаатар рестораны хуйцай, ганц хоёр лааз пивоор даруулсан хөгжилтэй яриагаар л өндөрлөдөг байсан. Нэгэн тохиолыг санаж байна.

Өмнөх нийгмийн үед юмдаг. Ажиллаж байгаад их сургуульд элссэн 30 гаруй насны нэгэн оюутан эр нутгаас ирсэн хэдэн нөхөдтэйгээ жаахан дарвичихжээ. Тэгээд гудамжинд сандал түшээд  унтчихсан байж. Гэтэл гай газар доороос гэгч болж цагдаа аваачаад эрүүлжүүлэхэд өгчихөж. Эрүүлжүүлэгдсэн оюутнаа салбарын декан нь очиж авч, бөөн  асуудал үүсэв. Бүр сургуулиас хөөгдөх туугдах дээрээ тулав. Гэвч согтуу ч гэсэн  мөрөөрөө гудамжины сандал түшин унтаж байсан, анх удаа архины хэрэгт холбогдсон зэргийг нь харж үзээд жилийн чөлөө өгөх шийтгэл ногдуулж байсан юм даг. Оюутан хүн нэг жилээр хоцорч төгсөнө гэдэг  том шийтгэл л дээ. Ийм л байсан.

За яахав, цагийн юм цагтаа гэгчээр тэр үеийг өнөөдөртэй харьцуулахаа больё гэхэд  улс орны ирээдүй үе ингэж архинд живж байгаа нь зүгээр л нэг шогшироод өнгөрөх асуудал яавч биш юм. Архины хэрэглээг багасгая гээд амаа цангатал, зуун дамжин яриад ч үр дүн алга. УИХ нь хууль батална гээд яриад байдаг.  Хэрэглээг багасгана гэхээсээ илүүтэй харин ч баар рестораны ажиллах цагийг шөнийн 4 цаг болгож сунгав. Архийг биш, архичдыг биш өөгшүүлэн өдөөгч орчных нь талаар яривал яасан юм. Төрд хатуурхах юм гэж бас баймаар байна. Түүний нэг нь энэ архидалт. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балт(150.129.143.116) 2025 оны 03 сарын 13

Энд согтуу оросуудын зураг ямар хамаа байна аа. Ядахдаа тэр нөхдүүдийнхээ зургийг тавиач, эсвэл архи уухыг дэмжиж байгаам уу...? :-O

1  |  0
unen dee(203.194.114.75) 2025 оны 03 сарын 13

zuv shuu

1  |  0
Top