Өмнөговь аймагт “Говь фестивал” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа уг үзэсгэлэн 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж.
Энэ жил шилмэл малын үзэсгэлэн худалдаатай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог аж. Нийтдээ 4 аймгийн 17 сумын 150 гаруй аж ахуй, нэгж иргэд оролцож байгаа уг үзэсгэлэнд 13 сумын иргэд идэвхтэй оролцож байна.
Үзэсгэлэнгийн талаар тариаланчдаас зарим зүйлийг тодрууллаа.
Өмнөговь аймгийн Булган сумын газар тариалан эрхлэгч Ц.Поль: Манай нутгийн брэнд бол улаан лооль
Ц.Поль гуайн хувьд “Өмнөговийн Булган сум бол улаан лоолиороо алдартай. 1993 онд буюу 25 жилийн өмнө Булган суманд би өөрөө үрийг нь авчирж нутагшуулсан. 2003 онд Өмнөговь аймгийн Булган сумын брэнд бүтээгдэхүүнээр тодорсон. Жил бүрийн 8, 9, 10 сар хүртэл Улаанбаатарын бүх захуудад улаан лооль нийлүүлэгддэг.
Үнэ ханш нэмэгдээд байдаггүй, чанар сайтай, брэнд бүтээгдэхүүн бол улаан лооль. Манай сум 670 өрхтэй. Үүний 420 нь газар тариалан, мал аж ахуй эрхэлж байна. Булган сум 75 жил ногоо тарьж байгаа бол би 40 жил ногоо тарьж байна. Манай аймгийн удирдлагууд биднийг бүхий л талаар дэмждэг.
Өнгөрсөн жил Улаанбаатарын хэдэн оюутнууд судалгаа хийж Булган сумын улаан лоолийг химийн хороор бордсон гэх шуугиан дэгдээсэн. Үүнийг би эрс няцаамаар байна. Манай аймагт химийн бордоо огт ашигладаггүй. Энэ мэдээллээс болж Улаанбаатарт худалдаа хийхэд хэцүү болсон. Миний мэдэж буйгаар Өмнөговьд 5 сум ногоо тарьдаг. Эдгээрийн аль нь ч химийн бордоо хэрэглэж, гаднаас үр үрсүүлдэггүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Дашрамд хэлэхэд, говь нутагт анх удаа Солонгос улсын үрээр гүзээлзэгэнэ тарьсан байна. Мөн Солонгос, Хятадад л хүн хорхойдоо ургадаг гэх өрөөсгөл бодол манай улсын иргэдэд байсан бол говь нутгийн иргэд анх удаа нутагтаа хүн хорхойдоо ургуулсаныг дуулгах нь зүйтэй биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )