Ц.Мөнхцэцэг: Улс төр бол бодлогын өрсөлдөөн байх ёстой

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 05 сарын 02

Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг урьж, ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 12 хуулийн төслийг санаачлан батлуулж, 40 гаруй хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллажээ. Түүнчлэн хамгийн олон хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд 2020-2024 оны гишүүдийн ажилласан байдалд экспертүүдийн өгсөн үнэлгээгээр эмэгтэй гишүүдээс “ТОП-3”-т жагссан байна.


-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрх дуусгавар болоход хэдхэн сар үлдлээ. Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн олон хуулийн төсөл санаачилж батлуулсан, хамгийн олон хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажилласан гишүүдийн нэгээр нэрлэгдсэн байна билээ?   

-УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээс хойш парламентын хууль тогтоох ажлын “гал тогоо”-г барьдаг Хууль зүйн байнгын хороонд орж ажиллалаа. Энэ дотроо сүүлийн хоёр жил УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Энхбаяр, С.Одонтуяа нартай хамтарч Авлигын эсрэг бүлэг байгуулан ажиллаж байгаа.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах, авлигын гэмт хэрэг дэх ялын бодлогыг чангатгах, эрүүгийн эрх зүй болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд илүү анхаарлаа. Энэ ч утгаараа хамгийн олон хууль санаачилж батлуулсан, хамгийн олон хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажилласан гишүүдийн нэгт багтсан байна.   

-Та бүхний үүрэг, гол ажлын нэг бол хуулийн төсөл санаачилж, батлуулах шүү дээ. Таны хувьд яг хэдэн хуулийн төсөл санаачилж, батлуулаад байна вэ?

-Миний хувьд 12 хуулийн төслийг санаачилж, батлуулсан. Мөн 40 гаруй хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллалаа. Ингэхдээ таль хувьд нь Ажлын хэсгийг ахалж ажилласан байна. Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна Монголын улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, улс төрийг бодлогын өрсөлдөөн болгох, тойрог жалга довоор хуваагддаг, улсын төсвийг тарамдуулдаг системийг устгахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сонгуулийг холимог системээр явуулахаар тусгахад гар бие оролцлоо. Парламент бол иргэдийн төлөөллийн байгууллага. Иргэдийн төлөөллийг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг УИХ-д хүчтэй тусгах үүднээс гишүүдийн тоог нэмсэн.

 

НАМ НЭР ДЭВШИГЧ, ГИШҮҮДЭЭСЭЭ ДЭНЧИН АВАХЫГ ХОРИГЛОНО

 

-Олон жил яригдсан, хэлэлцүүлгийн шатанд явсан Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлуулж чадсан шүү дээ?

-Тийм ээ, хамгийн гол хууль бол Улс төрийн намын тухай хууль байлаа. Үнэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн бага өөрчлөлт орсон хууль байсан. Ялангуяа улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө өндөр, нам нь үүсгэн байгуулсан хэдхэн хүнийхээ хүслээр явж ирсэн. Намын гишүүдийн дуу хоолой сул, дотоод ардчилалгүй, намын шийдвэр гаргах түвшинд хөрөнгө мөнгөний нөлөө их байдаг зэрэг асуудлыг цэгцлэхийн тулд хуулийн төсөлд өөрчлөт оруулж батлуулсан. Миний хувьд сүүлийн 15 жилд улс төрийн нам болон сонгуулийн тогтолцооны асуудал дээр ажиллаэ байна. Харин 2020 онд УИХ-ын гишүүн болсон даруйдаа Улс төрийн намын тухай хууль болон эрх зүйн чиглэлд анхаарч, Ажлын хэсгийг ахалж ажилласан байна.

-Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлчихсэн. Та саяхан Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль хууль зөрчиж, нэр дэвшигчдээс дэнчин авсан гэдгийг хөндөж байсан. Хуульд зааснаар энэ тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Улс төрд хөрөнгө мөнгөний нөлөөлийг багасгах, хөрөнгө мөнгөтэй хүн нь намыг худалдаж авч, намаас нэр дэвших, улмаар хөрөнгө мөнгөө ашиглан сонгогчдод бэлэг сэлт урамшуулал, бэлэн мөнгө тарааж ирсэн алдааг засах гол хууль бол Улс төрийн намын тухай хууль. Энэ хуульд намаас нэр дэвших болон намын дотоод үйл ажиллагаанд оролцсоныхоо төлөө нэр дэвшигч, гишүүдээсээ дэнчин авахыг хориглосон. Хэрэв нэр дэвшигчдээсээ дэнчин авсан тохиолдолд тухайн намд Сонгуулийн ерөнхий хорооноос шийтгэл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, намын үйл ажиллагааг хоёр жил идэвхгүй болгоно. Мөн нам ямар нэгэн байдлаар сонгуульд оролцох эрхгүй болно. Эсвэл тухайн намд олгодог төрийн санхүүжилтийг зогсооно гэж заасан.

Нөгөө талаараа улс төр бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгогчдодоо бодлогоо танилцуулдаг. Сонгогчид нь улс төрийн намыг сонгохдоо бэлэн мөнгө, бэлэг сэлт, амралт зугаалгаар авч явсан нөхдийг сонгодоггүй. Зөвхөн бодлого, мөрийн хөтөлбөрийг нь харж сонголт хийдэг байх ёстой. Сонгуулийн хуульд бас хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон. Тэр нь сонгуулийн зардлыг багасгах үүднээс хуучнаар нэр дэвшигч тус бүр тусгай самбар тавьдаг, тэр нь өндөр үнэтэй байдаг байсныг нэр дэвшигчид нийтийн нэгдсэн самбар тавьдаг байх. Сонгуульд ажиллаж байгаа ухуулагчдын тоог цөөруулэх чиглэлд өөрчлөлт орсон.

-Ингэхэд өнгөрсөн онд Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч нийгмийн цочирдуулсан. Үүнээс болж иргэд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оноох ялыг чангатгахыг шаардаж, акц өрнөсөн шүү дээ. Үр дүнд нь, Засгийн газраас хуулийн төслийг нь өргөн барьж, УИХ-аар баталсан шүү дээ?

-Үнэн. Олон нийтээс хамгийн их хүлээлттэй байсан хууль бол Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг дэх ялын бодлогыг чангатгах явдал байлаа. Тухайлбал, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн гэмт хэрэгт одоо үйлчилж байгаа хуульд ялын дээд хэмжээ буюу 25 жил, эсвэл бүх насаар нь хорих ялыг оноох өөрчлөлтийг хийж өгсөн. Монгол Улсад хүүхэд хамгаалах, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг буурахгүй, хүчирхийллийн гэмт хэрэг өндөр байна. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй. Мөн ялын дээд хэмжээг оноох хуулийг баталсан гэж ойлгох хэрэгтэй. Ер нь, хүүхэд хамгааллын механизм, эрхийг харж байхад хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэвчлэн ураг төрөл, ойрын төрөлд үйлдэгддэг. Зарим тохиолдолд илрэхгүй, дарагдаад өнгөрөх эрсдэлтэй болохоор ялын бодлогыг чангатгах нь зөв юм.

-Та боловсролын чиглэлд анхаарч ажилласан гишүүдийн нэг байх аа? 

-Боловсролын шинэчлэлийн реформд анхаарч ажилласан. УИХ-аас Боловсролын багц хуулийг баталсан. Боловсрол бол хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай байх ёстой. Хөдөө, хотод төрснөөс үл хамаарах ёстой. Үүний тулд боловсрол ашгийн бус байх ёстой. Боловсролоор бизнес хийх ёсгүй. Хэрэв дундаж айлын өрхөөс хэт өндөр төлбөр авч байгаа бол тэдгээр сургууль төрөөс хувьсах зардал авах ёстой гэж үздэг. Боловсролын хуульд орсон гол өөрчлөлт бол тухайн сургууль зөвхөн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тохиолдолд хувьсах зардал төрөөс авна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Монгол хүүхдийг бэлтгэх сургалтын хөтөлбөр, яамны нэгдсэн бодлогын үндэсний хөтөлбөртэй байгаа тохиолдолд төр дэмжинэ. Ингэж байж бид төрийн өмчит сургуулиудаа дэмжих боломжтой болж байгаа юм.

 

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН МЕХАНИЗМЫГ ИЛҮҮ ХҮЧТЭЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

 

-Та хүний эрхийг хамгаалах чиглэлд хүчтэй дуу хоолойгоо өргөдөг улстөрчдийн нэг. Энэ ч утгаараа УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хамгаалах тал дээр ямар ажлыг хийв?

-Хүний эрхийн чиглэлээр УИХ-ын гишүүний хувьд хамгийн их анхаарч ажилласан гэхэд болно. Монгол Улс 2021 онд Азид анх удаа хүний эрхийн төлөө зүтгэгчдээ хамгаалах, Хүний эрхийг хамгаалагчийн хуулийг баталсан. Энэ хуулийн Ажлын хэсгийг ахалж ажилласан.  Хүний эрхийн тэмцэл гэдэг бол аль ч үед ямар ч нам төр барьж байгаагаас үл хамаарч байнга хийгддэг тэмцэл.

Дээр нь, их асуудал, зовлон ихтэй. Хүний эрхийн төлөө тэмцэл нь ихэнхдээ өндөр эрх мэдэлтэй, албан тушаалтнуудтай тулдаг ноцтой асуудал болохоор хүний эрхийг хамгаалж байгаа хүмүүсийг төрийн зүгээс заавал хамгаалах шаардлагатай. Тэр дундаа Монгол Улс ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн орны хувьд яаралтай батлах хууль бол Хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль байсан. Энэ хууль батлагдснаар бүхий л салбарт ажиллаж байгаа хувь хүн, иргэний нийгмийн байгууллагууд хамгаалалтад орсон. Хүний эрхийн төлөө зүтгэх явцдаа тодорхой хохирол амссан тохиолдолд төрөөс нөхөн олговор авах заалтыг тусгаж өгсөн. Хууль батлагдан хэрэгжиж байгаа өнгөрсөн хоёр жилийн хугацааг харахад уул уурхай, байгаль хамгааллын чиглэлд хүний эрхийн зөрчил хамгийн их гарч байна. Одоо бид гэрч, хохирогчийг хамгаалах төрийн механизмыг илүү хүчтэй болгох шаардлага байна. Учир нь, ЦЕГ-ын дэргэд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс ажилладаг. Үүнийг улам өргөжүүлэх, 2016 онд байсан Тахарын албыг эргэн сэргээх шаардлагатай байна.

 

“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ”-ИЙГ ХАМГААЛАХ ЗОХИЦУУЛАЛТ МАШ БҮДЭГ БАЙНА

 

-Тэгвэл та одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Миний хувьд отгон парламентын чуулган дээр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах хууль, Гэр бүлийн тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж байна. Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ахалж байна.

Ер нь, нийтийн сайн сайхны төлөө, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар мэдээлэл гаргадаг. Энд авлига, албан тушаалын асуудлыг олон нийтэд мэдээлэх явц улс, орон бүрийн хувьд авлигын эсрэг том механизм байдаг.

Тэгвэл шүгэл үлээгч гэх иргэдийг хамгаалах зохицуулалт маш бүдэг байдаг. Тиймээс Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг сүүлийн хоёр жилийн хугацаанд ахалж ажиллаж байна. Энэ чиглэлээр шүгэл үлээж байгаа иргэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, байгаль хамгаалагчдын дуу хоолойг сонслоо. Хэлэлцүүлгүүдийг хийлээ. Мөн ЦЕГ болон АТГ, ШӨХТГ, ХЭҮК зэрэг газарт ажилласан. Ер нь, нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан хүмүүсийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна. Олон иргэд, тэмцэгчид тодорхой хэмжээнд аюул заналхийлэлтэд өртөх, ажлын байрнаас нь чөлөөлөх, гэр бүл хамаатан саданд нь заналхийлэх зэрэг асуудал байна. Тиймээс шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг яаралтай боловсронгуй болгож, батлуулах шаардлагатай байна. Шүгэл үлээж байх явцад ажлын байр, эрүүл мэнд, сэтгэл санаа зэрэг тодорхой асуудалд эрх зүйн байдал нь дордсон тохиолдолд нөхөн төлбөр олгодог болно.

-Гэр бүлийн тухай хууль өндөр хүлээлттэй байгаа юм байна анзаардагдсан юм байна шүү?

-Монгол Улс хүн ам цөөн. Хамгийн анхаарал татах, нийгмийн үндсэн субъект нь гэр бүл байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр бүл салалт, гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдөх, хүүхдүүд өнчрөх, хүүхдийн тэтгэлэг өгөх асуудал маш дутмаг байдаг.  Удмын сангийн аюулгүй байдал, гэрлэгчдийн эрүүл мэнд болон бусад асуудлыг хангахад төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хуулийг өргөн барьсан. Үүнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр ахалж ажиллаж байна.

Бид эхний ээлжид бүх гэр бүл судлаач, эрдэмтэн, иргэд болон энэ чиглэлээр ажилладаг нийгмийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлгээ хийж, санал дүгнэлтээ авсан. Хэлэлцүүлгээс харж байхад маш олон эксперт, иргэд гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэр бүлд учирч байгаа хохирлыг барагдуулах, буруутай этгээдэд шийтгэл оноох зэрэг асуудлаар санал их ирсэн. Хэрэв гэр бүлийн хэн нэгнийх нь буруутайгаас болж сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах заалтыг оруулж байна.

-УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө амжих болов уу?

-Амжина. Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд маш шуурхай ажиллаж зарчмын зөрүүтэй саналуудаа томъёолчихсон байна. Энэ долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг явагдана. Дараа нь, Гэр бүлийн тухай хууль орно.

-Ингэхэд та тойрогтоо ажилласан уу?

-Ажилласан.

-Тойргийн тань иргэд ямар зүйлийг хэлж, ярьж байх юм бэ?

-Би Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш тойргийнхоо иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний дуу хоолойг төрд хүргэж ажилласан. Манай Сүхбаатар дүүргийн хүн амын тэн хагас нь орон сууцанд, үлдсэн иргэд нь гэр хороололд амьдардаг. Нийслэл Улаанбаатар хотын бүрэн төлөөлөл манай тойрогт байдаг. Гэр хорооллын тулгамдсан асуудал, хөрсний бохирдол, дахин төлөвлөлт зэрэг асуудал байна. Орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байна. Гэхдээ иргэдийн олонх нь төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, Хөгжлийн банк, Нүүрсний сонсгол зэргийг анхаарсан байна. Энэ талаарх саналыг их ирүүлж байна. Миний хувьд Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны гишүүнээр ажилласан. Анх удаа Хөгжлийн банкны зээлийн асуудлаар сонсгол хийсэн. Иргэд сонсгол маш сайн явж байна, гэхдээ шүүх хурал нь үр дүнгүй болж байна гэдгийг түлхүү хөндөж ярьдаг.

 

Онцлох ажил

 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа гэдэг хэрхэн ажиллах учраа олоогүй нэгэнд нь хэтэрхий урт. Хийж хэрэгжүүлье, шийдэл гарц эрэлхийлж шийдвэр гаргах түвшинд үр бүтээлтэй ажиллана гэсэн зорилго өвөртөлж, иргэдийн итгэлийг тээж тангараг өргөсөн төрийн түшээгийн хувьд нүд ирмэхийн зуурт улиран өнгөрөх хугацаа биз ээ. Тийм л сэтгэлээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг завгүй ажиллаж өнгөрөөсөн парламент дахь дөрвөн жилийнхээ ажлын тайланг дэлгэж байна. Ташрамд дурдахад Ц.Мөнхцэцэг ес дэх парламентын ангид анх удаагаа сонгогдсон гишүүдийн нэг боловч УИХ-ын нэгдсэн чуулганыг ирцээрээ тэргүүлж, хамгийн олон хуулийн төсөл санаачилсан, хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан мөн ажлын хэсгийг ахалж ажилласан гишүүнээр нэрлэгдэж байна. Парламентын гишүүдийн өнгөрсөн дөрвөн жилийн ажилласан байдалд өгсөн экспертүүдийн үнэлгээгээр эмэгтэй гишүүд дундаа “Топ-3”-т эрэмбэлэгдэж, хууль тогтоох дээд байгууллагад анх удаа сонгогдон ажилласан гишүүдийг энэ үзүүлэлтээрээ манлайлж байгаа юм. Энэ бол хууль тогтоогч бодлого боловсруулагчийн хувиар УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүргийнхээ иргэд, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсний нотолгоо юм. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, авлигатай тэмцэх, хүний эрхийг хангах, хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, хүүхэд хамгаалал, боловсролын салбарын шинэчлэл, улс төрийн намыг төлөвшүүлж, бодлогын институт болгох,  бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлүүдэд түлхүү анхаарал хандуулан ажиллаж, шийдвэр гаргах түвшинд бодлого тодорхойлон ажиллалаа. Түүний дөрвөн жилийн онцлох ажлуудаас тоймлон хүргэж  байна.

Хүний эрхийн чиглэлээр, Тэрбээр Ази тивийн орнуудын праламентын түүхэнд анх удаагаа Хүний эрх  хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллан, улсынхаа парламентаар амжилттай батлуулсан анхны улстөрч болсон юм. Түүний энэхүү түүхэн хичээл зүтгэлийг ХЭҮК үнэлэн 2021 онд “Хүний эрхийн төлөө зүтгэгч төрийн түшээ”-гээр өргөмжилсөн билээ. Мөн Монголын парламент түүхэндээ анх удаа Хүний эрх, жендерийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийлээ. Парламентын өөрийн үнэлгээнээс Монгол Улсад хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулахад томоохон дэвшил авчрах реформын шинжтэй үзэл баримтлал, санал санаачилга олон гарсан юм. Тэгвэл уг ажлыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг манлайлан ажиллаж, амжилттай хийж дуусгасан юм. Түүний энэхүү ажлыг үнэлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн түшээ” шагналыг олгосон юм. Тэрбээр хоёр жил дарааллан Хүний эрхийн төлөөх шагнал хүртсэн түшээ болсон билээ. Энэ бол түүнийг парламентын бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрхийг хангахын төлөө хэрхэн ажилласныг хангалттай нотлон харуулсан үйл явдал болов. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд 2020-2024 оны парламентын отгон хаврын хуралдаанаар хүний эрхийг хамгаалах орчныг сайжруулах гурван чухал хуулийн төслийг ахлан батлуулахаар ажиллаж байна.  Хүний эрхийг хамгаалах чиглэлд түүний боловсруулан ажиллаж буй хуулийн төслүүдийн талаархи гол анхаарал татахуйц өнцгүүдийг онцлоход, тэрбээр Гэр бүлийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч, авилгын эсрэг эрх зүйн шинэчлэлийн гол хууль болох Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Мөн Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлан, өргөн бариад байгаа билээ. Түүнчлэн хугацаат цэргийн албан дахь дэглэлт, яргаллыг таслан зогсоох чиглэлд анхаарал хандуулан ажилласаар байна.

Хүүхэд хамгаалах чиглэлээр, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хүүхдийн эрхийн хуулиуд дээр анхааран ажилласан бөгөөд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгүүдэд ажиллаж хүүхдийн эсрэг гэмт хэрэг дэх ялын бодлогыг чангатгасан. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилсан бөгөөд уг хуулиар Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх, хүүхдийн эрхийг бүхий л салбарт хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хийлээ. Хүүхэд хамгааллын шинэ хуульд орсон онцлох нэг зохицуулалт бол үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг асуудал юм. Сүүлийн үед сургуулийн орчинд хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, ялгаварлах явдал улсын, хувийн, хот, хөдөөний сургууль эсэхээс үл хамааран түгээмэл болсон нь хэн бүхний сэтгэлийг эмзэглүүлэх асуудал болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, БШУЯ-тай хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг Ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Энэ хүрээнд гадаад улс орнууд дахь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг бодлого, хууль тогтоомжуудыг судлан, ЕБС, МСҮТ-ийн сурагч, оюутнууд, олон нийтийн хэлэлцүүлгүүд хийж Боловсролын багц хуулиудад тодорхой зохицуулалт оруулж байсан юм. Харин энэ удаа Хүүхэд хамгааллын тухай хуулиар БНСУ, Шинэ Зеланд зэрэг олон улсад хэрэглэдэг дээрэлхэлтээс сэргийлэх, санал, гомдлыг хүлээн авах, дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд туслалцаа үзүүлэх, дээрэлхэгч хүүхдэд тодорхой арга хэмжээ авах зэрэг өргөн хүрээтэй судалгаа хийж, энэ чиглэлийн зохицуулалтыг хуулинд тусгаж ажиллажээ.

Авлигатай тэмцэх чиглэлээр, Монголын улс төрд нүүрлэсэн авилгын асуудлыг шийдвэрлэх гол хууль Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлыг хийж чадалгүй 18 жил болсон юм. Тэгвэл Ц.Мөнхцэцэг 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдож гишүүн болсон цагаасаа Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон юм. Парламентад олон жил ажилласан, туршлагатай, олон хууль боловсруулсан шилдэг улс төрчдийн дааж давдаг ийм чухал хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн даргаар УИХ-д анх удаагаа сонгогдсон шинэ, залуу эмэгтэй улс төрчийг итгэж томилсон явдал бол Ц.Мөнхцэцэг гишүүний мэдлэг, чадвар, туршлагыг илтгэх хангалттай том үзүүлэлт билээ. Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл гэдэг бол Үндсэн хуулийн шинэчлэлийн дараа орохуйц  том зохицуулалт юм. Ийм чухал нийгмийн системийн түвшний хуулийг шинэчлэхийн тулд өргөн хүрээний ойлголцол, зөвшилцлийг хийх нь зайлшгүй. Тиймээс ч хуулийн шинэчилсэн төсөл батлагдах хүртэлх гурван жилийн хугацаанд Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг болон Ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар парламентад суудалтай, суудалгүй бүх л улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтдийг оролцуулсан олон удаагийн хэлэлцүүлгүүдийг хийж санал шүүмжийг ч нээлттэй өрнүүлж чадсан. Ард нийтийн санал асуулгыг ч хоёр шаттай өрнүүлснийг иргэд сайн мэднэ. Тиймээс хуулийн төсөл шахсан бяслаг мэт нягт, хийгүй болсон гэж дүгнэж болно. Улс төрийн нам бодлогын институт байхын тулд хөгжлийн бодлогоор өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн улс төрийн хариуцлагатай хүчин болон төлөвшихөд энэхүү хуулийн үзэл санаа оршиж байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн баталж чадсан явдал бол 2020-2024 оны парламентын ангийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх гол ажлуудын нэг байсан гэдгийг цаг хугацаа тодорхой харуулах нь гарцаагүй юм.

Хянан шалгах чиглэлээр, 2020-2024 оны парламентын авлигын эсрэг  хийсэн нэгэн чухал ажил бол Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа хянан шалгах түр хороо байгуулсан явдал байлаа. Тус түр хороо нь Хөгжлийн банкны санхүүг шалгасан бөгөөд хянан шалгах хороонд УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг УИХ дахь эмэгтэй гишүүдээс ганцаараа  сонгогдон ажиллав.

Боловсролын салбарт, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг бол боловсролын салбараас УИХ-д сонгогдсон эрдэмтэн бөгөөд УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо тэгш, хүртээмжтэй боловсролыг бий болгох, шинэчлэл хийх зорилготой гэдгээ иргэд сонгогчдодоо амлаж байсан. Иймд тэрбээр өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарыг бүхэлд нь шинэчлэх эрх зүйн зохицуулалтыг хийхэд голлох үүрэгтэй оролцсон билээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай Дээд боловсролын тухай, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай, Боловсролын ерөнхий хууль зэрэг Боловсролын багц хуулийг баталсан. Эдгээр хуулийн Ажлын хэсэгт орж ажиллан зүйл, заалт бүр дээр нь санал дүгнэлт боловсруулан ажилласан юм.

Гадаад харилцааны чиглэлээр, Тэрбээр ХБНГУ, АНУ-д улс төр судлалын ухаанаар эрдмийн цол зэрэг хамгаалсан шинэ үеийн өндөр боловсролтой, улс төрийн шинжлэх ухааны Монголын урдаа барьдаг цөөн эрдэмтдийн нэгэн төлөөлөл, мэргэжлийн улс төр судлаач билээ. Тийм ч учраас Монголын парламентыг олон улсын тавцанд төлөөлөх, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламентын соёл, тогтолцоо өндөр хөгжсөн орны дэвшилтэт, сайн туршлагыг судалж Монголын улс төрд нутагшуулах үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэрбээр, Монгол Европарламентын бүлгийн дарга, Монгол Германы парламентын бүлгийн дэд дарга, Монгол Японы парламентын бүлгийн гишүүн, Монгол Америкийн парламентын бүлгийн гишүүн, Монгол Австралийн парламентын бүлгийн гишүүний сонгуульт ажилтай.

Спортыг дэмжих лобби бүлгийн гишүүний хувиар, Мэргэжлийн дугуйн спортын тамирчин Ц.Мөнхцэцэг шийдвэр гаргагчийн хувиар төрөөс баримтлах биеийн тамир спортын бодлогод оролцох, Монгол Улсын спортын хөгжилд дэмжлэг болохуйц оновчтой хуулийн орчинг бий болгоход анхааран ажиллаж байна. Ц.Мөнхцэцэг гишүүн УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих лобби бүлгийг санаачлан байгуулснаас гадна, Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж амжилттай батлуулсан. Мөн тэрбээр Монголын дугуйн холбооны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт албатай. Түүний толгойлдог Монголын дугуйчдын амжилт жил жилээр нэмэгдэж, түүхэндээ анх удаа Дугуйн спортоор олимпын наадамд оролцох эрх авч чадлаа. Тодруулбал, Олон улсын дугуйн холбооноос зохион байгуулсан “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тэмцээнүүдээс нийт 1367 оноог цуглуулсан Монголын дугуйчин С.Жамбалжамц олимпын засмал замд уралдах эрхээ авсан юм. Тэрбээр Парисын замд хурд сорих дэлхийн шилдэг 95 дугуйчны нэг болсон нь энэ. Үүнээс өмнө “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад Монголын дугуйчид цагаан хуудсаар оролцож байсан. Харин С.Жамбалжамц эрхээ авч олимпод оролцохоор болсон анхны Монгол дугуйчин юм. Тэрбээр Азид чансаагаараа хоёрдугаар байрт бичигдэж байгаа агаад Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.

 

САНААЧИЛСАН ХУУЛЬ

 

  1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
  3. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  4. Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  5. Хүүхэд хамгааллын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
  6. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хууль
  7. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  8. Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль
  9. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  10. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбоотой авах арга хэмжээн
  11. Цахим орчинд хүүхэд хамгаалах тухай хууль

 

АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛСАН ХУУЛЬ

 

  1. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль
  2. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль
  3. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль
  4. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль
  5. Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  6. Судалгааны их сургуулийн тухай хууль
  7. Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий
  8. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  9. Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулах хүний эрхийг дээдэлсэн жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх хүрээнд хийх үнэлгээний ажилд дэмжлэг, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг
  10. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль
  11. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

 

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН:

 

  1. Боловсролын ерөнхий хууль
  2. Улс төрийн намын тухай хууль
  3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
  4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  5. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга
  6. Холбоо сангийн тухай хууль
  7. Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  8. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  9. Эрүүгийн хууль, Авлигын эсрэг болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
  10. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
  12. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  13. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль
  14. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль
  15. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль
  16. Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  17. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  18. Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
  19. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
  20. Шүүх байгуулах тухай хууль
  21. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль
  22. Монгол Улсын Үндсэн хуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.69.78) 2024 оны 05 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.69.78) 2024 оны 05 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
ган(66.181.185.224) 2024 оны 05 сарын 03

Зарим насаараа наймаа хийж, уул ус ухахаас өөр юм хийж үзээгүй, нэг ном бүтэн уншиж үзээгүй хүмүүстэй харьцуулахад аргагүй УИХ-ын гишүүн юм байна өө. Наад зах нь ирц сайн байна гэдэг бол үүргээ ухамсарласан, хариуцлагатай, цагийн менежмент сайтай хүн бна. \nБайшингийн дээвэр засуулж, сум руу зам тавиулж, түрүүлсэн бөх морийг байлснаа УИХ-ын гишүүний ажил гэж ойлгодог малнууд хэд хэд бна. Нөгөө цэрэнпунцаг, анандбазар мэтийн. Бас насаараа төрд хөгжлийн гай саад болдог новшнууд ч байна. Нөгөө хүрэлбаатар, чойжилсүрэн, сү.батболд мэтийн. Янханлаг сарангэрэл,панужин

1  |  0
Дугуй(103.57.94.252) 2024 оны 05 сарын 03

Мөнхцэцэг гишүүнийг дугуйчин, дугуйн спортод их зүйл хийж буй хүн гэдгээр бүх дугуйчид мэднэ, их олон залуучуудад сайн үлгэр үзүүлж, дугуйн спортод олон хүнийг татаж байгаа, анх удаа Парис олимпт Жамбаа маань эрхээ авч уралдах болсонд Мөнхцэцэг гишүүний хувь нэмэр их байгаа

1  |  0
Зөв(122.201.31.205) 2024 оны 05 сарын 03

Яг л парламентын гишүүн хүн ийм байх ёстой гэдгийг Мөнхцэцэг гишүүн харуулдаг даа. Чамбай, дэл сул үггүй, өөрийнх нь энд хэлж бгаагаар бодлого л ярьдаг улс төрч. Их хуралд ийм гишүүд олон бгаасай

1  |  0
Зочин(192.82.94.4) 2024 оны 05 сарын 03

Хөөх их олон хууль ахалсан гишүүн бна шт. Гишүүн хүний хийх гол ажил хууль тогтоох учраас сайн ажилласан юм бна

1  |  0
Oyunbileg(114.136.164.138) 2024 оны 05 сарын 02

Хууль өөрчлөгдөж байж, эрх зүйн орчин бүрдэж байж бүх зүйл зөв голдиролдоо ордог. УИХ-н гишүүнээс ямар хууль санаачилсан бэ гэж асуугаад хариулж чадах хүнийг л юм хийсэн гэж харж байгаа. Олон хууль санаачилсан гэж мэддэг учраас дэмждэг шүү

2  |  0
зочин(202.21.104.98) 2024 оны 05 сарын 02

нохой долоо

2  |  0
амаржаргал(122.201.31.188) 2024 оны 05 сарын 02

Эрдэмтэй хүн даруу гэж Ц.Мөнхцэцэг гишүүнээс харагддаг. Дэлхийн болон Монголын улс төрд томоохон хуулиудад анализ хийж зөв бурууг нь тогтоож, шийдвэрлэж батлуулж ч байгаа иргэн хүний хувьд хардаг . Бусад гишүүдээс өөр харагддаг хийх ёстой ажлаа хуулийн дагуу цэгцтэй шийдвэрлэж чаддаг болохоор зөв хүнээ сонгосон гэж боддог доо . Ц.Мөнхцэцэг гишүүнээ дахин сонгогдоосой тойрогтоо ирвэл дэмжинэ гэж хүлээж байгаа

1  |  0
Иргэн(66.181.161.10) 2024 оны 05 сарын 02

Манай тойргийн гишүүн. Нээх сүртэй иргэдийн уулзалт нтр гээд юм хум тараагаад бдгүй гэхдээ хараад байхад сайн ажиллаж зөв дуугарч байгаа харагддаг болохоор зөв хүнээ сонгосон байна гэж боддогдоо. Худлаа попорч хүнд аталагдах юм хийж ярьдаг гаруудаас бол залхаж байнаа. Иймэрхүү даруухан ажил хэрэгч хүмүүсээ сонгосон нь дээр байх. Дахиад ирвэл дэмжээд явуулнаа.

1  |  0
Батук(202.55.188.39) 2024 оны 05 сарын 02

Ц.Мөнхцэцэг гишүүн бол чадварлаг хууль тогтоогч шүү. Сүхбаатар дүүрэг гэлтгүй Монгол Улсын иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч, хууль тогтоогчийн хувьд сайн ажилласан гэж хардаг. Дахин нэр дэвшвэл дэмжнэ ээ

1  |  0
Top