ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 01

Өнөөдөр 2024.05.01.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Улс орнуудад энэхүү өдрийг Майн нэгэн, Хөдөлмөрийн баяр, Хаврын баяр ч гэдэг. Казахстанд Ард түмний нэгдлийн өдөр, Хавайн арлуудад Хавай бүжгийн баярын өдөр юм.

Энэ өдөр Хятад, Америкийн кино найруулагч Жон Ву, Зөвлөлт болон Беларусын ардын жүжигчин Александр Ефремов, Америкийн гитарчин, хөгжмийн зохиолч бага Рэй Паркер, Германы алдарт хөлбөмбөгч Оливер Бирхофф, “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны од, Их Британийн жүжигчин Жэйми Дорнан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931 оны энэ өдөр Дотоод явдлын яамыг татан буулгажээ. Тус яамны үүргийг ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлсэн байна.

1993 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшив.

1997 оны энэ өдөр Монгол Улсын Засгийн газар импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.

2010 оны энэ өдөр Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрч, харилцан гарын үсэг зурсан байна.

2015 оны энэ өдөр “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум” Төрийн ордонд болжээ. Форумаар “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1978 оны энэ өдөр Их Британид анх удаагаа Тавдугаар сарын 1-нийг улсын баяр гэж тэмдэглэжээ.

Мөн оны энэ өдөр Японы иргэн Наоми Уэмүра дэлхийд анх удаагаа нохой чаргаар Хойд туйлд хүрчээ.

1979 оны энэ өдөр дэлхийн хэмжээний эстрадын оддоос Элтон Жон анх удаагаа Израилд тоглолтоо хийжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top