[БИДНИЙ НЭГ] Галт тэрэгний хамгийн залуу машинист Л.Алтантулга

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

 

Л.Алтантулга: Сайншанд-Чойр чиглэлд 98 вагонтой галт тэргийг жолоодох үүрэг авч, анхны аялалаа хийхээр ээждээ үнсүүлэхэд мөрөөдөл минь биелсэн...


100 орчим вагонтой галт тэрэг жолоодно гэдэг амар алба биш ээ. Энэ хариуцлагатай үүргийг 22 настайгаасаа үүрсэн галт тэрэгний хамгийн залуу машинист залууг "БИДНИЙ НЭГ" булан онцолж байна.

Түүнийг Л.Алтантулга гэдэг. Тэр одоо УБТЗ-ын Сайншандын татах хэсгийн ашиглалтын цехийн 7-р цуваанд галт тэрэгний ахлах машинистаар ажиллаж, Сайншанд-Чойр, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн ачааны галт тэрэг жолоодож байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Л.Алтантулга Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. Малчин айлын ууган хүү. Багаасаа морь унаж, мал маллаж өссөн тэрээр хонио хариулж явахдаа хажуугаар өнгөрөх галт тэргийг харж, цагаахан атаархал тээн суудаг байжээ.

Тэр “Галт тэрэгний жолооч нар мундаг мэдлэгтэй хүмүүс байдаг гэж сонсоод том болоод галт тэрэгний жолооч болно гэж мөрөөдөж эхэлсэн. Одоо мөрөөдөлдөө хүрч, машинист болсондоо маш их баярлаж байгаа” хэмээн инээмсэглэн ярилаа.

Л.Алтантулга аймгийнхаа Төмөр замын мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийг төгсөөд, Сайншандын татах хэсэгт нэг жилийн турш туслах машинистаар ажиллажээ. Дараа нь машинистын курст суралцаж, галт тэрэг жолоодох эрхийн үнэмлэхээ авсан байна. Ингээд тэр 2020 оны долдугаар сарын 8-нд анхны аяллаа хийжээ.

Хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээнд нийтлэгдэж, олны дунд сайхан сэтгэгдэл төрүүлсэн "Ээжтэйгээ авахуулсан зураг" нь түүний анхны аялалдаа гарахын өмнөх зураг аж.
 


Энэ тухайгаа залуухан машинист “Сошиалаар яваад байгаа тэр сайхан зургийг манай Сайншандын галт тэрэгний машинист байсан Ш.Алтангэрэл ах нийтэлсэн юм билээ. Одоо тэтгэвэртэй гарсан л даа. Тэр бол амьдралын маань хамгийн сайхан мөч байсан. Хүмүүс намайг жижигхэн биетэй машинист гээд байдаг юм. Энэ хүчтэй техникийг гарын бяраар биш, оюуны бяраар жолооддог. Бие жижиг, залуу байгаа ч гэсэн галт тэрэг жолоодож болдог гэдгийг харуулж, цаашдаа илүү сайн ажиллах болно.

Одоо би ачааны галт тэрэг жолоодож байгаа. 50-100 вагонтой цуваа авч явдаг. Цаашдаа илүү сайн хичээж, зэрэг дэвээ дээшлүүлээд, зорчигчийн галт тэрэг жолоодохыг зорьж байгаа. Тэгэхийн тулд маш их туршлага хуримтлуулах хэрэгтэй” гэж зорилгоо хуваалцав. 
 


Галт тэрэг жолоодож явахад нэг удаадаа 460 км замыг туулдаг байна. Хол замын аялалдаа гарсан л бол өдөр шөнийг ажрахгүй, цаг агаарын ямар ч нөхцөлд галт тэрэгний хөдөлгүүрийг зогсоож болохгүй. 

"Шөнөжингөө ажиллаад өглөөний нарыг зүтгүүр дотроосоо харах мэдрэмж хамгийн сайхан  байдаг" хэмээн ярих залуу машинист төмөр замдаа олон жил ажиллаж, ирээдүйд ажил, хөдөлмөрийн амтыг таниулсан тээвэрчин болох мөрөөдөлтэй. 
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top