[БИДНИЙ НЭГ] Хажуу өрөөндөө саван үйлдвэрлэгч ХИЧЭЭНГҮЙ ЭЭЖ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25


“Саванг маань “Атар” талх шиг хүн бүр хэрэглээгээ болгоосой гэж хүсдэг” хэмээн инээд цацруулан ярих энэ эмэгтэйг Ч.Отгонбаяр гэдэг. Тэрбээр гэрийнхээ жижиг өрөөнд хонины сүүлний тосоор эко саван үйлдвэрлэдэг. 

Ч.Отгонбаяр 2018 онд саван хийсэн тухайгаа бичсэн залуу охидын фэйсбүүкийн постыг хараад, сонирхолтой санагдаж, сургалтад хамрагджээ. Түүнээс хойш гэртээ гар аргаар саван хийж, гэр бүлийн хэрэгцээндээ ашигладаг болсон байна. Сонирхлынхоо дагуу саван хийх төхөөрөмжөө нэмсээр нэг л мэдэхэд жижиг хэмжээний үйлдэрлэл явуулах боломжтой болгосон байжээ.

Одоо түүний хамгийн их хүсэж байгаа зүйл нь саван үйлдвэрлэл явуулах байртай болох. Ч.Отгонбаяр хийж байгаа зүйлдээ маш дуртай. Учир нь зарим хүний хэрэглэхгүй хаядаг, олдоц ихтэй түүхий эд болох малын гаралтай өөх тосоор хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


Тэр савангаа "Мидори" нэрээр гаргадаг. Харин брэндийнх нь нэр нь "Otgon choi".

Савангаа хэрэглэхэд таатай болгохын тулд цэцэг, машин, сарнай гэх мэт төрөл бүрийн сонирхолтой хэлбэртэйгээр үйлдвэрлэдэг. Мөн сүүлний тосны үнэрийг нь дарахын тулд чацаргана, кокос, ногоон цайтай хослуулж, анхилам үнэр оруулжээ. 

Сүүлний тос уургийн өндөр агууламжтай байдаг аж.

Тэрбээр савангийнхаа давуу талын тухайд "Сүүлний тос арьсыг зөөлрүүлнэ. Нэмэлтээр ашиглаж байгаа тоснууд нь хүний биеийн арьсанд тохирсон үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, савангийн найрлагад ордог оливын тос, маш олон төрлийн витамин агуулсан байдаг юм. Амьтны болон ургамлын гаралтай тоснууд арьсанд маш сайнаар нөлөөлдөг. Тиймээс хэрэглэгчийн арьсанд тохируулан орц, найрлагыг боловсруулдаг" хэмээсэн юм. 



Ч.Отгонбаяр савангаа гэртээ ганцаараа хийж байгаа учраас олноор үйлдвэрлэх боломжгүй. Санхүүгийн хувьд ч, орчин нөхцөлийн хувьд ч нөхцөл боломж хараахан бүрдээгүйг хэлж байлаа.

Тиймээс сардаа 30-40 ширхгийг үйлдвэрлэдэг гэнэ. Олон жил савангаа гэртээ хийж байгаа учраас цөөхөн ч гэсэн бүтээгдэхүүнийг нь байнга авдаг үнэнч хэрэглэгчидтэй болсон тухайгаа баяртайгаар ярилаа. 

Ч.Отгонбаяр шинэ жилийн өмнө Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс өрхийн бичил бизнесийг дэмжин, тусламжид хамрагдаж, дөрвөн сая төгрөгийн зээл авчээ.

Энэ зээлээр л өрхийн бичил бизнесээ жижиг бизнес болгохын төлөө үйл ажиллагаагаа өрнүүлэх гэж байгаа аж. 

"Илүүдэл өөх тосыг ашиглах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагаагаа зөвхөн нийслэлийн хэмжээнд биш орон нутагт бас түгээх зорилготой байгаа. Тийм учраас орон нутгийн иргэд маань дэмжээсэй гэж хүсэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Холбогдох хаяг: Мидори саван

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top