ФОТО | Үзэсгэлэнт Сун Хэ Гё 41 насны төрсөн өдрөө тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог, манай үзэгчдийн хувьд "Гурван марал од", "Зүрхэнд шингэсэн намар", "Нарны үр сад" зэрэг цувралуудаараа хэдийн танил болсон Сун Хэ Гё өчигдөр 41 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэр 1981 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн юм.

Тэрбээр энэ удаагийн төрсөн өдрөө тун даруухан тэмдэглэсэн бөгөөд хундага вино, жижгэвтэр тоорттой л угтсан байна. Тэрхүү зургуудаа өнөөдөр өөрийн инстаграм хуудсандаа оруулсан юм.

Сонирхолтой баримт дурдхад, алдартай жүжигчин бүсгүй нярай байхдаа маш их өвдсөн учраас эмч нар түүнийг удаан амьд явж чадахгүй хэмээн хэлж байсан ч Сун өвчнөө ялан дийлж, ийнхүү алдар цууны эзэн болсон билээ.

Төрснөөсөө хойш хагас жил орчим хугацаанд өвчтэй байсан түүнийг 1982 оны хоёрдугаар сарын 26-нд буюу эдгэрснийх нь дараа төрсний гэрчилгээг нь авчээ.

 

Хэ Гёгийн ээж аав түүнийг бага байхад нь салж, тэрбээр ээжтэйгээ хамт амьдрах болсон юм. Бага сургуульд байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байсан охин наймдугаар ангидаа энэхүү спортоо орхисон гэдэг. Тухайн үед түүнийг үе тэнгийнхэн нь ичимхий, дотогшоо хэмээн үздэг байсан нь шийдвэрт нь нөлөөлсөн байж болох юм. Гэвч ахлах ангид элсэн орсноосоо хойш тэр зан харилцааны хувьд өөртөө илүү итгэлтэй болж ирсэн гэнэ.

Түүний "Евха" охидын ахлах сургуульд байх үеийг нь багш нь дурсахдаа "хөгжилтэй зан чанартай, найзуудтайгаа сайн харьцдаг, үргэлж сайхан ааштай байсан" хэмээн ярьсан байдаг. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Сэжонгийн их сургуульд элсэн орж, кино урлагийн чиглэлээр мэргэшсэн байна.

Жүжигчин бүсгүй 1996 онд энтертаймент ертөнцөд хөл тавьсан гэхэд болно. Тухайн үед тэрбээр дөнгөж 14 настай байсан юм. Сурагчдын дунд зохион байгуулагддаг загвар өмсөгчдийн тэмцээнд оролцсон Сун тэргүүн байр эзэлж, сургуулийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компанийн гэрээт загвар өмсөгч болжээ. Тэр цагаас хойш түүнийг амжилт орхиогүй гэхэд хилсдэхгүй.

Түүнийг нэр алдарын оргилд хүргэсэн дэлгэцийн бүтээл нь дуучин, жүжигчин Рэйнтэй хамтран тоглосон "Миний байшин" инээдмийн цуврал юм.

Бараг бүх хүний мэдэж байгаагаар тэрбээр 2017 оны долоодугаар сарын 5-нд "Нарны үр сад" кинонд хамтран тоглосон Сон Жун Ки жүжигчинтэй сүй тавьж, тухайн оны аравдугаар сарын 31-нд хуримаа хийсэн билээ. Ази төдийгүй дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд байсан тэдний хуриманд хамгийн ойр дотны гэр бүл, найз нөхөд нь уригдсан байдаг.

Олныг шуугиулсан тэдний хурим удаан үргэлжилсэнгүй. Тэд 2019 оны долдугаар сард салах болсноо дуулгаж, шүтэн бишрэгчдээ гонсойлгосон юм. Тухайн үед шар хэвлэлүүд жүжигчин эмэгтэйг хятад тэрбумтантай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэмээн бичиж байсан боловч батлагдаагүй байдаг. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор жүжигчин бүсгүй 19 хэвлэл мэдээллийг шүүхэд өгсөн билээ.

Өмнө нь ч одоо ч үзэсгэлэнт төрх, алдар хүндээ алдаагүй жүжигчин бүсгүй ийнхүү 41 нас хүрч байна. Гэвч гучин жилийн өмнөх тэр л төрхөөрөө байгаа түүнийг олон хүн гайхаж, биширсээр ...

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.182.91) 2022 оны 11 сарын 26

Hoorhon hoorhon busgui

1  |  0
zochin(66.181.182.91) 2022 оны 11 сарын 24

Hoorhon hoorhon busgui.

0  |  0
Top