Монгол, Солонгосын залуу бүжигчдийн хамтарсан “Хайр” бүжгийн тоглолт болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд 2024 оны 05 сарын 16,17-ний өдрүүдэд Монгол, Солонгосын залуу уран бүтээлчдийн хамтарсан “Хайр” бүжгийн тоглолт болох гэж байна. 

Хайр, мэдрэмж, сэтгэл хөдлөлийн тухай догдлом түүхийг өгүүлэх энэхүү тоглолтын гол зорилго нь бүх нийтийн урлагийн боловсрол, нийгмийг сайн сайханд дагуулах юм. Балет, монгол болон солонгосын уламжлалт бүжиг, мөн дийлэнх хэсэгт  нь орчин үеийн бүжгийн бүтээлийг үзэгчдэд хүргэнэ.

“Хайр” тоглолтыг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, БНСУ-ын Каннамын балетын холбоо, Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн Бүжгийн сургуультай хамтран зохион байгуулж байна.

Тоглолтод Монголоос 20 дахь удаагийн Сөүлийн олон улсын бүжгийн уралдааны дэд байрын шагналт Ё.Дамчаабадгар, Д.Нанжидын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний шилдэг бүжиг дэглээчийн шагналт Б.Мөнхдөлгөөн, Сөүлд зохиогдсон World Dance Grand Prix уралдааны I байрын шагналт П.Энхтогтох зэрэг залуу бүжиг дэглээчид оролцох бол БНСУ-аас Солонгосын үндэсний урлагийн их сургууль, Сэжүн их сургуулийн төгсөгчид нэрд гарч яваа бүжиг дэглээч, бүжигчид оролцоно. 18 удаагийн Сөүлийн олон улсын бүжгийн уралдааны орчин үеийн бүжгийн I байр, Валентина Козловагийн нэрэмжит балетын жүжигчдийн олон улсын уралдааны  I байрын шагналт Жон Хан Ил, Чой Еэ Вон, Солонгосын ерөнхий сайдын нэрэмжит шагналт Жон Мин Гын, Солонгосын үндэсний балетын театрын гоцлооч Юн Жон Ил зэрэг 6 бүжигчин оролцоно.  Мөн энэ цагийн шилдэг хөгжимчид болох морин хуурч Д.Шинэцог-Гени, ятгач МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ нар залуу бүжигчидтэй хамтран монголын уламжлал урлагийг орчин үеийн бүжгийн урлагтай хослуулсан бүтээлийг толилуулна.

Солонгос улс нь орчин үеийн бүжгийн хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлдэг бөгөөд бүжгийг хиймэл оюун ухаан, гэрлийн шоу мөн дүрслэх урлаг, уран зохиол зэрэг урлагийн олон төрөлтэй хослулуан хөгжүүлж, шинэлэг санааг дэвшүүлж үзэгч олны хүртээл болдгоороо онцлогтой. 

Тоглолтын тасалбарыг: https://ticket.mn/event/2092, болон Соёлын төв өргөөний кассаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91911370

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top