БНСУ хууль бусаар оршин суугаа гадаад иргэдтэй тэмцэх ШАЛГАЛТ эхлүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 16

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдгээртэй холбоотой үүсэж буй хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ээлжит шалгалтыг эхлүүлж байгаагаа зарлалаа. 

Тус аянд Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг таван байгууллага хамтран оролцох бөгөөд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон анхаарч, албадан нутаг буцаах, хилээр дахин нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заажээ. 

Аяныг хэрэгжүүлэх явцад шалтгаангүйгээр зугтах, шалгуулахаас татгалзах тохиолдолд албадан саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээ авах бөгөөд дээрх үйл ажиллагааны явцад төрийн албан хаагчийн биед бэртэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, энэ аяныг зохион байгуулахдаа хүний эрхийг дээдлэх бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд Паг Сон Жэ нь “Шилжих хөдөлгөөний салбар дахь гадаад иргэдийн ажиллах хүчний асуудлыг зохистой шийдэхийн зэрэгцээ хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоог бууруулах бодлогыг цаашид ч идэвхтэй авч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр Өмнөд Солонгосын хилээр буцаагдсан монгол иргэдийн тухайд 2023 онд БНСУ-ын хилийн боомтоос 1592 иргэн буцаагдсан бол 2024 оны нэгдүгээр улиралд 387 иргэн нутаг буцаагджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top