Засгийн газар, УИХ дахь нүүрсний лобби хоёр хүний аминд хүрлээ: Энэ хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

 "Осол аваар, Цөлжилт нэмэгдэж байгаагаас зам хаав" гэсэн маш тодорхой үндэслэлээр Таван толгойн нүүрсний замыг хаасан ч Засгийн газрын гишүүд цоожтой хаалганы цаана зодолдохоос наагуур юм болж, түүнд нь УИХ-ын нэг бус гишүүн хутгалдаж хэрүүлийн алим шидэлцсээр нээсэн нь хоёр хүний аминд хүрлээ. "Засгийн газар, УИХ-д ороод суучихсан, нэг ёсондоо эрх мэдэлд нэгэнт хүрсэн архи, нүүрсний бүлэглэл хүчээ авч байна" гэсэн шүүмжлэл хоёр хүний амь насаар ийнхүү батлагдаж байна.
"Шороон замыг засч сайжруулсан шороон зам болгосон тул" гэсэн үндэслэлээр Таван толгойн замыг нээснийг холбогдох албаныхан хэлж байгаа. Хүнд даацын машин явдаг шороон замыг сайжруулсан сан шороон зам болгоод нэмэр байна уу.  Байгаль орчин сүйддэг, осол аваар гардаг хэвээр, мөнгө "угаасан" ажил болсноос ахиц гарсангүй.
Таван толгойн замыг хаах шийдвэр гаргасан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын хувьд үнэхээр эр зориг гаргасан том алхам байсан. Гэхдээ нүүрсний энэ том лоббиг дийлсэнгүй. Зам хаасан нь зарим хүний хэлж байгаа шиг шоу байгаагүй. “Осол аваар, цөлжилт нэмэгдэж байгаагаас зам хаав" гэсэн тодотголтойгоор тэрхүү шийдвэрийг гаргасныг Авто замын газраас сэтгүүлчдэд мэдээлж байсан нь саяхан.

Тавантолгойн замд гарсан ослын улмаас өнгөрсөн онд 23 хүн амь насаа алдсан нь цагдаагийн мэдээлэлд тэмдэглэгдсэн. Энэ онд мөн 12 осол гарч үүний улмаас гурван хүн амь насаа алдсан талаар ч хэвлэл, мэдээллийн хэрэгслэлүүд нэгэн зэрэг мэдээлсэн нь баримт болж /зарим сайтын мэдээллийг өчигдөр татаж эхэлснийг эс тооцвол/ үлджээ.

Хуулийн зүйн сайд яагаад нүүрсний замд санаа зовж салбарын сайдыг элдвээр шахаж зам нээсний эхний өдөр юу болов. Таван толгойн замыг нээлгэхээр сайд дарга нар лобби хийсэн үү хийсэн, зам нээсэн үү, нээсэн, тэнд хэрэг гарсан уу гарсан, хүний амь нас эрсэдсэн үү эрсэдсэн гээд асуудал шилээ даран үүсч байна. Одоо хэн нь хариуцлагаа шударгаар хүлээхийг харах л үлджээ.
Ялангуяа өөрийгөө Монголын цорын ганц шударга хүн гэж үздэг сайд Засгийн газрын хуралдаан дээр "Чи Тавантолгойн замыг яахаараа хаадаг юм бэ, бушуу нээ" хэмээн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга руу үсчиж байсан тухай хаалттай хуралдааны нээлттэй тэмдэглэлүүд нэг бус хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсныг саная.
Таван толгойн нүүрсний зам хаагдсанд Ц.Нямдорж сайдаас дутуугүй бачуурсан УИХ-ын гишүүд ч цөөнгүй байсныг хэвлэлүүд мөн онцолсныг эргэн сануулья. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар  ихээхэн бухимдсан гэж байгаа. Энэ юуг харуулж байна вэ гэвэл УИХ, Засгийн газар хэдхэн олигархиудын гарт орчихсон, цоожтой хаалганы цаана өөрсдийн эрх ашгийн телөө "алалцаж" суудгийг ард түмэндээ жинхэнээс нь мэдрүүллээ. Монголчуудыг тэжээнэ гэж сурталчлаад байгаа Таван толгойн Нүүрсний орд газарт Засгийн газар, УИХ-ын гишүүдийн бизнес цэцэглэж, хүнд даацын машинууд өмнөд хөрш рүү өдөржин, щөнөжин нүүрс зөөдөг юм байна. Хамтын хүчээр лоббидсоор байгаад хаагдаад байсан нүүрсний замаа нээтэл нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Хурд авто" компанийн машин мөргөлдөж хоёр хүн амь эрсэдлээ. УИХ дахь нүүрсний лобби бүлгийн нэг гишүүн нь Б.Чойжилсүрэн гэдгийг энэ осол илрүүллээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top