Гаалийн Д.Цэвээнжав авлигын албан ёсны “түр журам” гэгчийг гарган хэрэгжүүлж байна гэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Гаалийн Х.Баатарын гэх авлигын хэрэгт улс төрийн томчууд, ялангуяа МАХН-ын удирдлагууд нь хүртэл чирэгдэхээ  шахсан сүр дуулиант хэрэг түүх болон үлдсэнээс хойш нам жим байсан ГЕГ-т сүүлийн үед цус ойртолтын гамшиг нүүрлээд байна. Өөрөөр хэлбэл, энд ах дүү, амраг садангийн хүмүүс бөөн бөөн мөнгөний урсгал буюу авлигын сүлжээг атгаж суудаг болжээ. Үүнийг нь гаалийн эгэл жирийн олон байцаагч баталж байгаа юм. Гаалийн байгууллагын энэхүү ах дүүсийн хэлхээ холбоог тоочоод байвал нэлээд урт дараалал үүсэх бололтой. Ийм цус ойртолтын ноён оргилд УИХ, Засгийн газрын эрхмүүд зогсож байна. Хэдхэн жилийн өмнө Замын-Үүдийн гаалийг тэр чигт нь атгасан Н.Сүрэнжав гэгч авгайн тухай элдэв шуугиан үе үе чих дэлсдэг байлаа. Хожим сонсоход тэрээр Сангийн сайд асан Н.Баяртсайханы төрсөн дүү байв. Тухайн үед Санктпетрбург хотын Гаалийн академид манайхаас гурван хүнийг суралцуулах урилга иртэл нэг нь замаасаа алга болчихож билээ. Үлдсэн хоёр хуваарь дээр нь гаалийнхан ёстой нохой зодоон хийх шахаж бужигнасан юм. Ингээд арай ядан хоёр хүн тус академид суралцахаар явцгаах болтол өнөөх алга болсон урилга гэнэт Н.Сүрэнжавын халааснаас гараад ирсэн гэдэг. Мань хүн “За, одоо гурвуулаа академидаа суралцана даа” гээд Оросыг зорьсон нь хүмүүсийг ёстой алмайруулж орхисон  байна. Энэ бол Монголын гаальд нүүрлэсэн ердийн гэмээр зүйл ажээ. Н.Сүрэнжавын дараа Замын-Үүдийн гаалийг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүүгийн охин С.Тунгалаггэрэл, “Фортуна” Батбаярын дүү Батсайхан нар эзэгнэх болсон юм. Түүнчлэн шадар сайд М.Энхболдын төрсөн дүү М.Энхсаруул бас л гаалийн хөрөнгөөр туйлж яваа хүмүүсийн нэг. Тэрээр Сэлэнгийн гаальд анх очихдоо шууд гурван өрөө байраар “шагнуулж” байв. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ч бас хаялга сайтай гаалийн байгууллагын дэргэдүүр нүдээ аниад өнгөрсөнгүй. Үсээ цайтал ардчиллын төлөө зүтгэж яваа гэх түүнд мөнгө хэрэггүй болно гэж юу байхав. М.Энхболдтой барьцаж нэг л өдөр эхнэрийнхээ дүү Наранцацралтыг гааль руу илгээсэн байлаа. Мөн Д.Дорлигжав Э.Бат-Үүлийнхнээс хоцорсонгүй. Улсын ерөнхий прокурорын суудлыг зүүдэлж ч амжаагүй явахдаа Баянмөнх гэдэг хамаатнаа гаалийн байцаагч болгосон бол өнөөх улайдаггүй Ч.Улаан төрсөн охин У.Ундрамыгаа гаальчин болгоод авчээ. Улс төрчдийн ах дүү, амраг садангууд ийнхүү гааль руу цуварсаар байна. Хятадад суугаа элчин сайд Ц.Сүхбаатарын гэргий Оюунчимэг, Үндэсний татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатарын эхнэр Даваадулам гэх мэтчилэнгээр гаальд бугшсан “аалзны тор” үргэлжилнэ. Авлигын хэргээр шоронд ороод гарсан Х.Баатарын өөрийнх нь болон эхнэрийнх нь дүү нарын ноёрхол одоо болтол гаальд эрч хүчээ алдаагүй байгаа гэнэ. Манай томчууд ер нь ах дүү, амраг садангуудаа гаальд шургуулдаг нь авдаг цалин хангамжиндаа биш, харин авлигын сүлжээгээр ахиухан юм хүртэх боломж өндөртэйд байдаг нь нууц биш. Ах дүүсийн дунд явагддаг авлига хамгийн амь бөхтэй, нууцлагдмал байдаг гэдэг.  Хууль бусаар 200 гаруй мянган сум оруулж ирсэн этгээд ямар нэг хариуцлага хүлээлгүй өнгөрсөн нь тэдний ийм гинжин хэлхээний улбаатай байсан болов уу.
Гаалийн Ерөнхий Газрын дарга Д.Цэвээнжав авлигыг ингэж өөгшүүлсээр байна. Мөнгө саах, авлигадах албан ёсны журам хүртэл гаргадаг болсон бололтой. Авлигыг тэтгэж, санхүүжүүлэх журам гэж байдаг бол энд тун сонин юм бас байх шиг байна. Тэрээр барааг хилээр Монголд түр оруулж ирэх, буцааж  гаргах түр журам гэгчийг гаргажээ. Энэ журмаар нь болохоор хилээр орж ирсэн машинууд галийнханд барьцааны мөнгө өгдөг гэнэ. Хятадаас орж ирсэн машинууд ихэвчлэн энэхүү барьцаа мөнгөө буцааж авалгүй яваад өгдөг байна. Ингэж яаран сандран хилээр гарч явах нөхцлийг нь ч манайхан бүрдүүлээд өгдөг бололтой. Тухайлбал, Гашуун сухайтын боомт дээр гэхэд ийм замаар цуглуулсан мөнгө уул овоо шиг болж, түүнийг нь тус гаалийн албан тушаалтнууд хамаад авдаг ажээ. Улсын орлогод оруулдаггүй зөвхөн гаалийнханд зориулагдсан ийм мөнгө хураах журамтай тул аргагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, авлигыг түр журмаараа зөвшөөрөөд өгсөнтэй адил юм болоод байна. Гашуун сухайтын боомтоор энэ оны эхээр Хятадаас нэг удаа 300 орчим машин орж ирснийг бүртгэсэн хэрнээ гараад явсныг бүртгээгүй байв. Тэдгээр машины эзэд тэрхүү түр журмаар нь “барьцааны” мөнгөө өгсөн. Харин гарч явсан нь тодорхойгүй, барьцааны мөнгөө буцаагаад авсан тухай тэмдэглэл, баримт ч байхгүй. Гэхдээ мөнгийг гаалийнхан өөрсдөө авсан нь үнэн байв. Тэдгээр машинууд манайхаас нүүрс тээвэрлэдэг ажээ. Энэ бол авлигаар мөнгө хийх зөвхөн ганц жишээ юм. Д.Цэвээнжавын ойр дотнын болон ах дүүсийнх нь хүмүүс Гашуун сухайтын гаалийн албанд цөөнгүй бий. Тэгэхээр мань хүн ах дүүс, найз нөхдийн хүрээндээ л ийм түр журам гэгчийг мөрдүүлж, хүмүүсээ мөнгөжүүлж байгаа ажээ. Үүнийг нь ах дүүсийн албан ёсны авлига гэдэг юм байх аа.

Б.Отгонбаяр. Zindaa.mn      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top