“Хурд”-ынхан Гээ..Гээ... гэсэн ихэр дуунаасаа салж, Б.Шарав шиг давтагдашгүй аялгуу хийгээсэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

Хөгжмийн урлаг ямар агуу вэ. Ариун тансаг бүхний туйл гэмээр. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай удахгүй ДБЭТ-т шилдэг бүтээлүүдээ толилуулна гэнэ. Очиж үзэхийг хүсэгчид олон ажээ. Хоёр жилийн өмнө тэр “Үлэмжийн ертөнц” нэртэй тоглолтоо хийсэн. Үүндээ “Хэрлэнгийн домог” зэрэг Монголдоо төдийгүй гадаадад олонтоо тоглогдсон томоохон бүтээлээ багтаасан юм. Тэгвэл энэ удаа мэргэжлийн дуучдад зориулсан дуунуудаа сонгон оруулжээ. “Хааны титэм шиг Отгонтэнгэр” гэдэг сайхан дууг нь залуу дуучин Амартүвшин дуулах юм байна. Б.Шарав гуай бас энэ үеэрээ үзэгчдэдээ бяцхан сюрприз барих ажээ. Одоогоор түүнийгээ нууцалж байна. Магадгүй Америкт очоод тоглосон хоёр томоохон бүтээлээсээ ч сонсгох болов уу. Түүний “Зуурдын орон” модерн балетийг америкчууд халуун дотноор хүлээн авч байсан гэдэг. Монгол аялгууны гайхамшгийг тэнд үнэхээр үзүүлж чадсан юм билээ.  Өдгөө нас сүүдэр хэвийж яваа ч гэсэн ойрын арван жилдээ нэг ч бүтээлдээ дахин давтагдахгүйгээр хийх чадвартай яваагаа тэр нуухгүй байна. Зарим хөгжмийн зохиолчдын дунд бүтээлийн хулгай гарч, маргаан хэрүүл үргэлжлэх болсон. Тэгвэл Б.Шарав гуайтай ийм явдал одоогоор тааралдаагүй бололтой. Ганц нэг аялгууг нь сэм хусчихсан байхад мань хүн бараг юман чинээ бодохгүй янзтай шүү. Хөгжмийн жинхэнэ уран бүтээлч гэж ийм байдаг болов уу. Дэл сул юмаар хөөцөлддөггүй ажээ. Гэтэл гавьтай юм хийгээгүй атлаа тийм ч аялгууг минь тэр нөхөр хулгайлаад авчихсан байна гээд тэнгэр цочтол хашгирч яваа хүн бас байх юм. Гэхдээ хөгжмийн зохиолчдын урын сан руу өнгийгөөд байдаг тэр хүмүүсийг олны өмнө шараа болгох хэрэгтэй байх шүү. Мөн Б.Шарав гуай шиг дахин давтагдашгүй бүтээл хийх хөгжмийн зохиолч өнөөдөр Монголд хэд  байгаа билээ. Ялангуяа, нийтийн дууны уран бүтэлчид дунд гээ... гээ...нээ...нээ.. гээд адил тэнцүүхэн, заримдаа ихэр мэт аялгуу чихнээ хадах нь уйтай, бас залхмаар болоод байна. Та нар дуучин Жавхлангийн дуунуудаас, “Хурд” хамтлагаас үүнийг анзаарах байх аа. Нийтийн дуу гэхээр л ихэрлээд байж боломгүй байна. Б.Шарав гуай шиг тансаг аялгуу биш ч гэсэн ядаж хүмүүсийг залхаахгүй өөр, өөр ая донжтой дуу сонсохсон доо. Ихэр мэт дуунуудаа телевиз, радиогоор тэгээд албатай юм шиг, ойр ойрхон давтамжтайгаар хүчээр цацаад байх юм. Өнөөхийг нь сонсох ёстой лайтайг яана. Доош  нь хийж байна гэж “Хурд”-ынхан гомдох вий дээ. Гашуун ч гэсэн үнэний хувьтай хойно доо.

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top